Нүүр хуудас

Нүүр хуудас | Танилцуулага | Таны мэдлэгт | Хичээл | Холбоос | Холбоо барих |

Зарлал

Монгол ёс заншилаас


 Нүүдэл хийх ёс
  Нүүдэлчин Монголчуудын нүүдэл хийх ёс горим их нарийн ажээ. Нүүдэл хийх нь ихээхэн хүч хөдөлмөр шаардсан байдаг тул замд тохиолдсон хэн боловч тусалдаг заншилтай. Нүүхэд нь ойр орчны хүмүүс ачаалалцаж өгдөг бол нүүдэл өнгөрөхийг харсан айл цай идээ авч очиж ундаалдаг, татлагыг нь чангалж, ачааг нь засаж өгдөг. Буух газраа ирэхэд тэндхийн айл саахалтын хүмүүс ачаагийг нь буулгалцаж, гэрийг нь барилцаж өгнө. Нүүдлийн өглөө гэгээ ормогц эхэлж нар тусмагц хөдөлдөг. Нүүж очсон газраа чанасан цайныхаа дээжийг, ирсэн зүгээсээ эхлэн нар зөв тойруулан цацаж улмаар шинэ нутгийнхаа уул нуруу гол мөрөнд өргөж залбирна.
Гэр барих ёс
  Гэр барихдаа эхлээд газраа сонгоно. Дараа нь тооно тотгоныхоо харьцааг харж, тоононы дунд цамхраа хаалгыг голлож байхаар өмнө зүгт чиглүүлж байрлуулна. Эхлээд гэрийн ханаа дугуйлж дотуур бүс татсаны дараа тооноо босгож дөрвөн талаас нь унь өлгөж тогтооно. Туургыг зүүн хатавчнаас нь эхэлж барина. Дээврийг баруун ба хойт талынхаар нь ам даруулж тавина. Гадуур бүслүүр, даруулгыг чангалж гүйцээд өрхийг голлуулж тавина. Гэрээ барьж дууссаны дараа эд хогшлоо оруулж төвхнүүлнэ.
Үр хүүхэд гуйх ёс
  Эмэгтэйчүүд хүүхэд гаргахгүй байхад хүн чулуунд хадаг барьж мөргөн үр хүүхэд заяахыг гуйдаг. Түүнчлэн удган мод, уул овооноос үр хүүхэд гуйх мөргөх заншилч байдаг. Монголын бөөгийн онгодын тэргүүн газар гэгдэх Даян дээрхийн агуйнаас үр хүүхэд гуйж, өргөл барьц өргөж мөргөдөг байлаа. Халхын голын нутгийнхан Вангийн цагаан уулын /хүүхдийн овоо/ гэдэгт өргөл мөргөл үйлдэж үр хүүхэд гуйдаг байжээ. Зарим нь үр хүүхэд заяахыг бэлэгдэж тусгай овоо хүртэл босгодог байжээ. Олон хүүхэдтэй айлаас хүүхэд үрчилж хүүхэд дагуулж ирэхийг зөгнөдөг байв. Айлын хүүхэд цуглуулж баясгалан, даалуу, хорол шагай мэтээр тоглуулан будаалга-цайллага хийдэг байжээ.
Шагааг яанзлан засах
  Шагааг ер нь сайхан мөлжиж цэвэрлэж засдаг. "Шагааг сайхан засвал морь хурдан болно" хэмээн бэлэгшээж, малийн шагааг нарин хянамгай засдаг байна.
  Монголчууд чуглуулсан шагаагаа засахдаа уг хэлбэр дүрсийг нь эвдхээс хичээж, тэмээн тал, морин тал гарган засдаг.
  Шагааг сайхан засвал морь тосоход сайн гэдэг. Шагаагийн тэмээн талийг жижигхэн нөхөлж тугалага чутгадаг. Шагаагийн хонины талийн гүдгэрт жижиг нөх гаргаж улаан, шар, ногоон өнгөөр гоёдог. Бас хадны хагдийг авч усанд дэвдээгэд шагаагаа чанаж өнгө оруулдаг байна. 
Хүүхдийн угаалга. нэр өгөх ёс
  Хүүхдийн угаалга, нэр өгөх ёс заншлаар монголчууд бусад улс үндэстнээс ялгагддаг. Шинэ гарсан хүүхдийн угаалгыг эхийн нь бие тэнхэрсний дараа буюу хүүхэд гарснаас хойш 7-15 хоногийн дараа хийдэг. Угаалга хийх өдрийн өглөө нь эрт босч, гэр орноо янзлаад, тавгийн идээ засаж цагаалга бэлэн болгочихоод бага үд болмогц саахалтыхнаа урьж ёс үйлдэнэ. Хүүхдийг угааж өлгийдсөний дараа ах дүүсээрээ хэлэлцэж тохирсон нэр өгнө. Хэрвээ эрэгтэй хүүхэд бол баруун чихэнд нь эмэгтэй хүүхэд бол зүүн чихэнд нь нэрийг нь гурван удаа хэлж дараа нь хүүхдээ дээр өргөн нэрийг нь найрт оролцогсодод сонсгоно.